11.27

Обама твиттерт хэт даврагчдыг дагадаг

Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Anonymous” гэх хакерын бүлэглэл Парисын халдлагын дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдэж, дайн зарласан билээ. Хакерууд өчигдөр хэт даврагчдын байнга ашигладаг 20 мянга гаруй твиттер хаягийг хяналтадаа авч, серверт нь нэвтэрсэн гэдгээ мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

Сонирхолтой нь эдгээр хаягийн заримыг нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, Америкийн “CNN”, “New York Times” сонин, Британийн “ВВС” агентлаг, Францын “Чарлье Хебдо” сэтгүүл болон 50 гаруй хэвлэлийн байгууллага дагадаг болохыг илрүүлжээ.  

Хакердууд “Обама, Хилари нар твиттерт хэт даврагчдыг дагадаг. Мөн хэт даврагчид тэднийг дагадаг. Тэд холбоотой эсэхийг нь мэдэхгүй байна” гэж мэдэгджээ. Хэт даврагчдын твиттер хуудсыг дагадаг хүмүүсийн ихэнх нь Саудын Арабын иргэд хэмээн хакерууд мэдэгдсэн байна.


Б.Дэлгэрцэцэг