07.18

“Google”-ийн боссууд ганцхан өдрийн дотор дөрвөн тэрбумаар баяжив

“Google” компанийн зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор 65 тэрбум ам.доллараар нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдадаа томоохон бэлэг барилаа. Ялангуяа “Google”-ийн боссууд тус бүртээ дөрвөн тэрбум ам.доллараар хөрөнгөө арвижуулж амжжээ. Тус компанийн хувьцаа 16 хувиар өсч, өчигдөр бирж хаагдахад 672,93 ам.доллараар арилжаалагдаж байсан  нь зах зээлийн үнэлгээг нэмээд зогссонгүй, “Google”-ийг үндэслэгч Ларри Пэйж, Сергей Брин нарын эзэмшдэг хувьцааны үнэлэмжийг ч ийн өсгөжээ.

Ер нь, энэ жил гарсаар “Google”-ийн боссуудын хөрөнгө 24 хувиар буюу тус бүртээ долоон тэрбум орчим ам.доллараар өссөн гэдэг тооцоог “Bloomberg” гаргасан.

“Google” шиг нэг өдрийн дотор хувьцаа нь 65 тэрбум ам.доллараар өссөн компани АНУ-ын түүхэнд байхгүй. Өмнө нь, Apple компани л 46,4 тэрбум ам.доллараар рекорд тогтоож байсан удаатай.