11.18

Үндэсний үйлдвэрээр аялсан нь:“Алтан Уран” ХХК-ийн захирал А.Урантуяа

-Үндэсний хувцсыг баяр ёслолын үеэр л өмсөх ёстой гэсэн ойлголт тогтжээ. Харин танай “Алтан Уран” брэнд энэ ойлголтыг эвдсэн гэж үздэгтэй санал нийлэх үү?


-”Алтан Уран” ХХК-ын хамт олон үндэсний хувцсыг баяр наадмаар л өмсөх гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэхийн тулд загваруудаа гаргасан. Манайхан баяр наадамд зориулж гоёлын дээл хийлгэчихээд нэг өмсөөд, далд хийчихдэг. Үндэсний хувцсыг өдөр тутамд нэвтрүүлэх зорилготойгоор европ эсгүүр, технологитой хослуулан үйлдвэрлэж худалдаанд гаргаснаар худалдан авагчид сэтгэл хангалуун байна. Ийнхүү орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулсан боловч үндэсний хэв шинжийг хадгалахын тулд зах болон зарим нэг деталь хэсгүүдийг нь өөрчлөөгүй. Өдөр тутмын ажил амьдралдаа үндэсний хэв шинжийг хадгалсан хувцас өмсөх юмсан гэсэн хүсэл сонирхлыг үйлчлүүлэгчидээсээ олж харсан юм.


-Торгоор урласан хувцсыг өдөр бүр өмсөх нь биед эвгүй. Танайх материалын сонголтоо харин зөв хийсэн юм шиг санагдсан. Загваруудын шийдэл ямар ч бие галбиртай хүнийг ихэмсэг, өөртөө итгэлтэй харагдуулах юм?


-Биед эвтэйхэн даавуун материалуудыг ихэвчлэн сонгодог. Торго хэдийгээр тансаг материал боловч өдөр тутамын хэрэглээнд тохиромжгүй. Тиймээс биед эвтэйхэн материалаа торгоор чимэхэд оновчтой шийдэл болж өгдөг. Цамцыг нь өдөр бүр өмдтэй хослуулаад өмсөхөд чөлөөт стильтэй, харин юбкатай хослуулаад өмсчихвөл албан ёсны хувцас болчихдогоороо давуу талтай юм. Биеийн галбирыг төгс харагдуулахын тулд хоёр гурван төрлийн эсгүүр гаргасан. Шинэ загвар гаргачихаад эхлээд өөрөө, дараа нь найз нөхөд, дотно зөвлөгчиддөө өмсгөж үзүүлээд засч, сайжруулдаг. Мөрөн дээр гаргасан эсгүүр бол үндсэндээ монгол дээлний эхнэр мөр л дөө. Сүүлийн үед европ хувцас хүртэл ийм мөртэй болчихсон. Гэхдээ эхнэр мөрийг яг тэр чигээр нь хийчихвэл бас учир дутагдалтай. Арай илүү загварлаг, орчин үеийн болгохыг зорьсон. 


-Танд тусгайлан захиалга өгч болох уу?


-Мэдээж бололгүй яахав. Манай хамт олон захиалагчдаа мэргэжлийн зөвлөгөө өгч загвараа сонгоход нь тусалдаг учраас тэд ч дуртай хүлээж авдаг юм аа. Тухайн захиалагчид зохих өнгө, насны байдал, сонирхол, биений харьцаа гээд олон талаас нь харж захиалга авдаг. Хуримын болон гоёлын дээлийг аль болох дахин давтагдахгүйгээр урлахыг эрмэлздэг. Тэгж байж төгс бүтээл гарна.

 
-Анхны хэрэглэгчээ бизнесменүүд дурсах дуртай байдаг. Нууц биш бол “Алтан Уран” брэндийг ямар хүн анх захиалсан бэ? 


-Манай хамгийн анхны үйлчүүлэгч гэвэл Америкт амьдардаг эгч худалдан авч байсан. Түүнээс хойш Ирланд, Швейд, Швейцарь гээд гадагшаа их гаргасан. Эх орондоо ажиллаж, амьдарч буй Монголчууд маань хамгийн их сонирхож, захиалж, үүнд нь манай хамт олон сэтгэл хангалуун байгаа.


-Долоо хэмжиж нэг огтол гэдэг дээ. Энэ үгийг хүн бүр мэддэг хэр нь хэрэгжүүлэхдээ алдаа гаргах нь бий. Аавыг тань сайн чанарын эмээл урлахдаа хоног хугацаа амлахгүйгээр маш няхуур хийдэг гэж уяач хүмүүс ярихыг сонссон. Энэ чанараас суралцахыг эрмэлздэг байх гэсэн сэтгэгдэл төрлөө?


-Манай аав нэг хүнд сэтгэлд нь хүртэл гоё бүтээл хийгээд өгчихвөл түүний ард арван хүн бий гэж ярьдаг. Нэг захиалагч маань сэтгэл хангалуун байвал болох нь тэр. 


-“Алтан Уран” брэнд таны санаанд хэрхэн буусан бэ. Брэнд үүссэн түүх бүр сонирхолтой санагддаг?


-Би Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. 2009 онд Э.Энхчимэг багшийн удирдлаган дор ‘’Natural Bueaty’’ хэмээх бүрэн хэмжээний шоуг тавьж байлаа. Энэ нь миний дипломын ажил байлаа. Аав маань эмээлийн Алтангэрэл гэдгээрээ олноо танигдсан дархан хүн бий. Мэргэжлээ сонгох болсон гол шалтгаан нь аавтай минь салшгүй холбоотой юм аа. Үндэсний хувцасны чиглэлээр ажиллая гэсэн санаа нэг л өдөр төрсөн. Аавдаа энэ тухай дуулгахад дэмжиж “Миний охин чадна, аав нь туслана” гэж урам өгч билээ. Үндэсний хувцасны чиглэлээр тууштай ажиллаж, энэ салбартаа өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах, хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрмэлзэл дүүрэн явна. “Алтан Уран” брэнд гараад удаагүй ч хэрэглэгчдийн таашаалд нийцэж эхэллээ. Манай хамт олон хувцасныхаа чанарт гол анхаарлаа хандуулдаг.

 
-Бугалганд оруулга оруулсан нь эмэгтэй хүнийг их дэгжин харагдуулах юм аа. Энэ ажиллагааг хийхэд цаг хугацаа их шаардах уу?


-Харваач нар сураар ханцуйгаа ороодог. Үндсэндээ тэр олсыг нь дотор талд нь оруулаад арай загварлаг болгож байгаа юм. Цаг хугацаа, няхуур ажиллагаа шаардана. 


-Бүсний өргөн ширээс эмэгтэй хүнийг гоолиг харагдуулж байна?


-Өндөр ширээс хийгээд өгөхөөр эмэгтэй хүнд тулгууртай, цээж нурууг цэх шулуун болгож, корсет шиг барьж өгдөг. Энэ нь эмэгтэй хүний биеийн хэлбэрийг тодотгож өгдөг юм. 


-Танайх хавар намрын хувцас урлах уу?


-Үндэсний хэв шинжийг оруулсан хавар, намрын пальто хүрэм хийж байгаа. Цагаан сараар нимгэн дээл өмсөхөөр гадуур нь бас хувцас өмсөх хэрэг гардаг. Дээлэн дээрээ европ хувцас өмсөхийн оронд манайд урласан хавар намрын пальто хүрэм өмсвөл зохимжтой байх. Эрчүүддээ зориулсан загварууд дээр ажиллаж байгаа. Бид ихэвчлэн натураль өнгө сонгох сонирхолтой байдаг. 


-Урлагийнхан орчин цагийн загвартай дээл өмсөж, зарим нь үндэсний сайхан өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна. Та тэдэнтэй хамтарч ажилладаг уу?


-Манайтай хамтран ажиллахаар тохиролцсон хүмүүс бий. Тэд маань өөрсдөө энэ тухай ярих байх.

 

-Хоёулаа үнэ хөлсний тухай тодорхой ойлголт уншигчдадаа өгөх үү?