02.22

Ирэх сонгуулийн ”содон” өнгө 959 2016/02/22 0

"Энэ наадмаар үзэх зүйлтэй сайхан наадлаа” хэмээн ярьдаг. Тэгвэл ирэх сонгууль үзэх зүйл ихтэй, тун сонирхолтой болох шинжтэй.

Улс төрийн хууччуудаас гадна "цоо шинэ” хүмүүс нэр дэвшинэ гэдгээ зарласнаар ирэх сонгуулийг онц сонирхолтой болгох нь байна. Жишээ нь дуучин Нара УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин аварга А.Сүхбат харьяалагддаг намаасаа татгалзаж, бие даан нэр дэвшихээр болсон сураг дуудаж байгаа. Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр төрсөн нутгаасаа нэр дэвшинэ гэх мэдээлэл ил болсон. Тэднээс гадна "Монгол тулгатны 100 эрхэм” хөтлөгч П.Анужин, Ард түмний гавьяат Арго буюу Б.Ариунболд, Д.Дагваа аварга, МУГЖ С.Жавхлан, Тимон буюу Н.Учрал зэрэг содон, сонирхолтой хүмүүс УИХ-д нэр дэвшихээ мэдэгдэж, зарим нь тойрогтоо ажлаад эхэлж. Мөн олон тооны "угсаа залгамжлагчид” тойрогтоо тэрбум тэрбумаар нь цацаж яваа нь ил болоод байгаа.

Эндээс л ирэх сонгуулийг "үзэх юм ихтэй болох нь” гэж таамаглаад байгаа юм. Хоёр намын хооронд л сонгууль болдог байсан бол арай өөр уур амьсгал өрнөх нь.

Тэгвэл тэднийг цахим ертөнцөд "... өөрийгөө голж мэдэхгүй хүмүүс улс удирдаж чадна л гэж боддог юм байх даа” хэмээн шүүмжлэх нь элбэг байна. Зарим нь " оймсонд хавчуулагдаж гишүүн болсон хүмүүсээс дутах юу байх вэ” хэмээн дэмжих хандлага ч ажиглагдлаа.

Улс төрчид урлагт ороод байхад урлагийнхан улс төрд орж болохгүй нь юу байхав. Хамгийн гол нь УИХ-д сонгогдож, түмнээ төлөөлж, тэднийхээ төлөө ажиллаж чадаж л байвал хэн ч байсан яах вэ дээ. Монгол Улсын иргэн, 25-аас дээш настай л бол сонгогдох эрхтэй гээд л Үндсэн хуульд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж л байг. Харин ч ил далдаар тохиролцож, улс орноо худалдаж буй хүмүүсээс дээр ч байх юм билүү яаж мэдэх вэ. 

Оготно ч хүртэл үүрэндээ хангалуун амьдрахыг хүсдэг шүү дээ.

www.undestem.mn